• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Барак Обамагийн эмээ буяны үйлс хийж байна

CRI       (GMT+08:00) 2016-06-02 10:41:48

Америкийн ерөнхийлөгч Барак Обама эцгийн талаас Кени удамтай гэдгийг мэдэхгүй хүн цөөн биз ээ. Түүний эцэг Барак Хуссейн Обама Кени улсын Луо хэмээх гурав дахь том овог аймгийн хүн юм. Барак Обамаг АНУ-ын ерөнхийлөгч болмогц түүний аавын төрөлх нутаг Кенийн Когело тосгон маш түргэн алдаршсан гэдэг. Тэр тосгонд Барак Обамагийн садан төрлүүд амьдардаг бөгөөд Обамагийн 94 настай эмээ Гранни Сара энх тунх аж төрж байна. Барак Обама түүнийг "Сара эмээ" гэж дууддаг бол Кеничүүд "Эх Сара Обама" хэмээн хүндэтгэдэг гэнэ. Ингээд ХОУР-гаас Кенид суугаа сэтгүүлч Шинь Жүний ирүүлсэн мэдээллийг хүргэе.

"Сара эмээ"-гийн тухай ярихын өмнө эхлээд Барак Обамагийн гэр бүлийн түүхийг танилцуулъя. Барак Обамагийн эцэг Кени улсын уугуул. Тэр бол 1959 онд Америкт суралцсан Кенийн анхны оюутнуудын нэг юм. Харин Барак Обамагийн ээж Америкийн Канзас мужийн цагаан арьст хүн. Хуссейн Обама түүнтэй Хавайн Их Сургуульд сурч байхдаа танилцаж, улмаар 1961 онд Барак Обамаг төрүүлсэн гэдэг. Харин хожим нь тэд салж, Барак Обама төрсөн эх, хойд эцгээ дагаж Индонезод 4 жил амьдарчээ. Обамагийн төрсөн эцэг Барак Хуссейн Обама ч шинэ гэр бүлтэй болжээ. Хуссейн Обама 60-аад оны үеэр эх орондоо буцаж Кенийн ерөнхийлөгч асан Жомо Кеняттагийн засгийн газарт ажиллаж байхдаа автын ослоор нас барсан гэдэг. Барак Обамагийн дотночлон дууддаг "Сара эмээ" хэрэг дээрээ түүний эмээ биш, харин өвөөгийнх нь гурав дахь эхнэр гэнэ.

Когело тосгон Кенийн гурав дахь том хот Кисумугаас 60 км зайтай бөгөөд эквадор болон Африкийн хамгийн том нуур Викториягаас холгүй байдаг юм. Барак Обамаг Америкийн ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа хүмүүст анзаарагддаггүй байсан Когело тосгон маш хурдан алдаршжээ.

2008 оны 11-р сарын 4-нд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг зарлах үеэр Кени улсад 5-ны үүрийн 5 цаг болж байв. Яг энэ үед тус тосгонд авто машины цуваа сүр дуулиантай орж иржээ. Учир нь Кенийн ерөнхийлөгч Кибаки үүр цайхаас өмнө Когело тосгоныг төвийн цахилгаан сүлжээнд холбох тушаал өгсөн байна. Төд удалгүй өглөөний 6 цагт Когело тосгоны цахилгаангүй байсан түүх эцэс болжээ. Түүгээр зогсохгүй шавар шавхайтай тосгоны төв гудамжнуудад хатуу хучилтттай засмал зам тавьж, тосгоны иргэдийг цэвэр усаар хангажээ. Мөн Барак Обамагийн аавынх нь амьдарч байсан байшингийн хажууд цагдаагийн хэсэг байгуулсан байна.

Кисуму хотоос машинаар шигүү ногоон дов толгодыг туулж явсаар Когело тосгонд очдог. Тосгонд ормогц шараар будсан ханан дээр "Эх Сара Обамагийн бэлэвсэн эхнэр, өнчин хүүхдийг асрах газар" гэсэн хаяг бүхий байшинтай таарна. Энэ бол "Эх Сара Обамагийн сан"-гийн байгуулсан нийгмийн халамжийн байгууллага юм. Тус байгууллага бэлэвсэн эхнэр, өнчин хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүнсний аюулгүйн байдал зэрэг талаар нийгмийн олон этгээдээс хандив цуглуулах зорилгоор 2013 оноос эхлэн жил бүр тосгондоо 15 км-ын марафон гүйлтийн арга хэмжээ зохион байгуулсаар гурван жилийн нүүр үзэж байна.


Сара эмээгийн шинэ байшин болон хуучин шавар овоохой


"Эх Сара Обамагийн бэлэвсэн эхнэр, өнчин хүүхдийг асрах газар" гэсэн хаяг бүхий байшин

Сара Обама эмээ одоогоор тухайн нутгийн барилгын хэв загварыг хадгалсан шинэ байшинд амьдарч байгаа бөгөөд байшингийнхаа дэргэд төмөр саравчтай хуучин шавар овоохойгоо үлдээжээ. Шинэ байшингийн ханан дээр Барак Обаматай хамт авахуулсан гэр бүлийн том хөрөг зургаа өлгөсөн байдаг гэнэ шүү. Бэлчээрийн чинээ том хашаанд нь модод найгаж, үхэр хонь бэлчинэ. Байшингийн ар талд хүнсний ногооны цэцэрлэг байх ба түүний цаахна Барак Обамагийн аав болон өвөөгийнх нь оршуулгын газрыг байрлуулжээ.


Сара эмээгийн том хашаа


Барак Обамагийн аав болон өвөөгийнх нь оршуулгын газар

Сара Обама гуай олон нийтийн халамжийн үйлст идэвхтэй оролцож, Кенийн ядуус, эмзэг бүлгийнхэнд халуун сэтгэлээр тусалдаг гэнэ. Тэрээр Когело тосгоны ойр хавийн ДОХ-ын халдвартай өнчин хүүхдүүдийг үрчлэн тэжээж 10 гаруй жил болжээ. Барак Обамаг АНУ-ын ерөнхийлөгч болсны дараа Сара эмээ Кени улсад алдаршсан төдийгүй ДОХ-ын халдвараас сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зэрэг олон нийтийн халамжийн үйл ажиллагаанд улам идэвхтэй оролцох болов. 2014 оны 11-р сард "НҮБ-ын эмэгтэй бизнес эрхлэгчдийн өдөрлөг"-өөр Сара Обамад шилдэг шагнал гардуулсан байна.

2015 оны 7-р сард Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар Кени улсад төрийн айлчлал хийх үед цаг хугацаа, аюулгүй байдал зэрэг шалтгааны улмаас Когело тосгондоо очиж чадахгүй болсон тул нийслэл Найробид "Сара эмээ" болон бусад садан төрлүүдтэйгээ уулзсан байна. Барак Обама урьд нь гурван ч удаа Кенид очиж байсан бөгөөд анх 1987 онд Когело тосгонд очихдоо Сара эмээтэйгээ уулзаж дурсгалын зураг татуулжээ.


1987 онд  Сара эмээгийн хамт


1987 онд  Сара эмээгийн хамт

 

/Алтаннавч/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе