“Күнзийн өдөрлөг” урлагийн наадам болж байна
9-р сарын 30-нд Монгол улсын нийслэлийн тэргүүний “Үй Цай” бүрэн дунд сургууль жил бүрийн хичээлийн шинэ жилээр зохион байгуулдаг “Күнзийн өдөрлөг” урлагийн наадам нээлтээ хийлээ. Үй Цай бүрэн дунд сургууль үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд болж буй цуврал арга хэмжээний нэг болох “Күнзийн өдөрлөг” урлагийн наадмыг уламжлал ёсоор Хятадын Күнзийн Төв Институт буюу БНХАУ-ын Хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх улсын алба санаачлан, Хятадын Олон Улсын Радио, Үй Цай сургуулийн хамтарсан “Күнзийн сургалтын тэнхим”-ээс эрхлэн зохион байгуулж байгаа юм.
ХОУР-гоос Монгол улсад суугаа төлөөлөгч ноён Дарамбазар, Оросын холбооны Буриад улсын гавьяат жүжигчин хатагтай Долгормаа, Монгол улсын Төв аймгийн Дуу бүжгийн театрын ноён Мөнхбат, МОНЦАМЭ агентлагийн Хятад сонины эрхлэгч Мөнхтуул, Хятадын Сайн дурын багш нарын Монгол улс дахь удирдлагын албаны багш Чэнь Лина нар урлагийн наадмыг шүүн явууллаа.
Монгол, Хятад гоцлол дуу, хамтлаг дуу, бүжиг, найрал дуу, стандарт латин америк бүжиг, хөгжим, язгуур урлаг, уран уншлага зэрэг 12 төрлийн номероор Үй Цай сургуулийн 1-12-р ангийн 1200 гаруй сурагч өрсөлдөж, ур чадвар, авьяас билгээ уралдуулж байна.
Тус наадмын 1-р шатны уралдаан 9-р сарын 20-22-нд болж өнгөрсөн бөгөөд өнөөдөр 2-р шат буюу шигшээ уралдаан болж байгаа юм.
Алтаннавч мэдээлэв